fbpx

Оноос өмнө өөртөө зориулж хийх чухал 3 зүйл

Шинэ он гарахад цөөхөн хоног үлджээ. Юухэн байхав нэг л мэдэхэд бид хундгаа тулган, он солигдох нандин мөчийг хүлээн баярын ширээнийхээ ард зогсож байх болно. Хаяанд ирчихээд байгаа шинэ он гарахаас өмнө доор дурдсан 3 үйлийг ажлынхаа хажуугаар амжуулахыг аминчлан хүсэж байна. Юу, юу гээч?

1. Нарийвчилсан тэмдэглэл хөтлөх. 


  • Шинэ зорилгуудаа тодорхойлох – Бялуу хийх ур чадвараа ахиулах, шинэ номын агуулга дээр ажиллах, философи, түүх, шинжлэх ухааны номууд түлхүү унших, усан спортоор хичээллэх
  • Хүслийн жагсаалт бичих (аялах газар, үзэх кино, идэж үзэх хоол, очих чухал арга хэмжээ) – Намрын Хөвсгөл далайг үзэх, Хонг конгт очиж Буддагийн аварга хөшөө болох Тиан Тианыг үзэх, Суши идэх 
  • Ирэх онд хийх зүйлсийн жагсаалт гаргах – Аялалд зориулсан хадгаламж нээх, гал тогооны өрөөний дизайныг өөрчлөх 
  • Ирэх онд хэвшүүлэх шинэ дадлуудын жагсаалт гаргах – Гэрээсээ хоол бэлтгэж авч явах, сунгалын дасгал хийж хэвших, долоо хоногийн төлөвлөгөөг ягштал мөрдөж сурах, ууланд алхдаг болох, нүүрний иога хийх 
  • Ирэх онд солих муу зуршлуудаа бичих – Орой унтдаг, чихэр их иддэг, зурагт хэт ойроос үздэг зуршлуудаа ирэх онд сайнаар өөрчилнө.

2. Уншиж хараахан дуусгаагүй байгаа номуудаа дуусгах

Яг одоо бичгийн ширээн дээр минь уншиж дуусгаагүй 4 ном өрөөстэй байна. Цайны цагаар, унтахын өмнө, илүүдэл цагуудаар гээд 4 өөр цагт номыг гаргаж тавьсан минь энэ л дээ.

Урьд нь нэг номоо заавал дуусгаж байж дараагийнхийг эхлүүлнэ гэсэн зарчимтай байсан бол одоо цагийнхаа зав чөлөөнд тохируулаад уян хатан болгож өглөө бизнесийн, хүлээлгийн цагаар хувь хүний хөгжлийн, оройн цагаар уран зохиолын гэх мэтээр ялгаж “зэрэг” унших дадлыг хэрэгжүүлэх гээд хичээж байгаа.

Номууд маань дөнгөж л дундаа орж байгаа учраас он дуусахаас өмнө заавал дуусгана гэж өөртөө амлаж номын өрөө дарахаар шийдлээ. Эхэлсэн зүйлээ дуусгаж чадаагүй үед төрдөг тухгүй мэдрэмж сэтгэлд ном уншихад хүртэл төрөөд болдоггүй шүү.

Чамд ч гэсэн ийм мэдрэмж төрдөг бол дундаас нь орхисон номуудаа дуусгаж санаагаа амраагаад, шинэ оноо шинэ номуудтай угтаарай.

3. Хэн нэгэнд сэтгэлээ “илэрхийлэх”

Чин сэтгэлийн уучлалт гуйх, талархсан сэтгэлээ илэрхийлэх, хайртайгаа хэлэх зэрэг “хэлэхгүй л бол болохгүй” байгаа чин сэтгэлийн үгсээ ил гаргаж уудлаарай.

Би яг одоо ажлаа эрт тараад ээж дээрээ очиж, хайртайгаа илэрхийлэн оройн нандин зоог барихаар төлөвлөж байна. Зүрхэнд минь дурлалын гэрлийг асааж хайр гэдгийг мэдрүүлдэг найз залуугийнхаа сэтгэлийг бухимдлын, зэмлэлийн үгээр шархлуулсандаа гэмшин уучлалт гуйж харилцаагаа “аврахаар” ажил руу нь явах гэж байна.

Эдгээрийг л чин сэтгэлээсээ хийчихвэл сэтгэл минь хөнгөрч, бодит харилцаанууд маань одоо байгаагаасаа хэд дахин сайжрах гээд байх шиг. Шинэ он гарахаас өмнө сэтгэлдээ байгаа мэдрэмжүүдийг ил гаргаж, сэтгэлийн өрөө тэглээрэй.

Нийтлэлийн эхийг goolingoo.mn